МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2007 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 280
Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 11 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг жилд 150.0 (нэг зуун тавин) сая төгрөгөөс доошгүй байхаар тооцож 2008 оноос эхлэн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Н.Баяртсайханд үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хүүхдэд зориулсан уран бүтээлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1998 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 204 дүгээр тогтоол, "Журам батлах тухай" Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 265 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх
ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН
Засгийн газрын 2007 оны 280 дугаар тогтоолын хавсралт
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН УРАН БҮТЭЭЛ ТУУРВИХАД ТӨРӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад мэргэжлийн урлагийн байгууллага, уран бүтээлчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд энэ журмыг мөрдөнө.
1.2. Санхүүгийн дэмжлэг авахаар ирүүлсэн хүүхдэд зориулсан уран бүтээлийн төслийг хэлэлцэн дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл (цаашид "Мэргэжлийн зөвлөл" гэх) нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд ажиллана.
1.3. Мэргэжлийн зөвлөл нь соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажилтан, мэргэжлийн кино, драм, хөгжим, утга зохиол, ном хэвлэл, урлаг судлаачийн төлөөлөл бүхий долоон гишүүнтэй байна.
1.4. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
Хоёр. Санхүүжилтийн зориулалт
2.1. Санхүүгийн дэмжлэгийг хүүхдэд зориулсан дараахь уран бүтээлийг дэмжихэд зориулна:
2.1.1. уран сайхны болон баримтат, хүүхэлдэйн кино;
2.1.2. сонгодог болон үндэсний дуурь, бүжгийн жүжиг;
2.1.3. өөрийн орны болон гадаадын зохиолчдын жүжгийн найруулга;
2.1.4. драмын болон хүүхэлдэйн жүжиг;
2.1.5. хүүхдэд зориулсан дуу, найрал дуу, хөгжим болон концертын бүтээл;
2.1.6. циркийн хөтөлбөр;
2.1.7. хүүхдийн уран зохиолын болон танин мэдэхүйн ном;
2.1.8. хүүхдэд зориулсан хөгжмийн концертын зохиол болон цомнол.
Гурав. Бүтээлд тавигдах шаардлага
3.1. Санхүүгийн дэмжлэг хүссэн бүтээл нь дараахь шаардлагыг хангасан байна:
3.1.1. монголын үндэсний уламжлал, түүх, соёл, ёс заншлыг урлаг, уран сайхны өндөр түвшинд харуулсан;
3.1.2. хүүхдийн сонирхол, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн шинжлэх ухаан, технологийн ололтыг ойлгомжтой байдлаар харуулсан;
3.1.3. садар самуун, хүчирхийлэл болон мансууруулах бодис, алан хядлага зэрэг хуулиар хориглосон сөрөг үзэгдэл сурталчлаагүй байх.
Дөрөв. Бүтээл шалгаруулалт
4.1. Тухайн жилд бүтээгдсэн уран бүтээлийг шалгаруулалтад оролцуулна.
4.2. Шалгаруулалтыг 2 дугаар сар, 9 дүгээр сард тус тус зохион байгуулна.
4.3. Санхүүгийн дэмжлэг хүсэгч нь дор дурдсан баримт бичгийг бүрдүүлэн шалгаруулалтаас нэг сарын өмнө Мэргэжлийн зөвлөлд ирүүлнэ:
4.3.1. бүтээлийн танилцуулга (дэлгэрэнгүй);
4.3.2. бүтээлийн төсөл;
4.3.3. санхүүгийн тооцоо;
4.3.4. эрх бүхий болон мэргэжлийн байгууллагын тодорхойлолт.
4.4. Бүтээлийг Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн шалгаруулна.
4.5. Бүтээл нь санхүүжилт авахаар шалгарсан тохиолдолд зохиогчийн эрхтэй холбоотой бусад асуудлыг хэрхэн зохицуулах талаар гэрээний төслийг хавсаргасан байна.
Тав. Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа
5.1. Мэргэжлийн зөвлөл нь дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
5.1.1. тухайн уран бүтээлийн төсөл нь энэ журмын 3-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтоож, тодорхой үндэслэл бүхий дүгнэлт гаргах;
5.1.2. уран бүтээлийн цар хүрээ, ач холбогдлыг харгалзан санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөрөнгийн хэмжээг тогтоох.
5.2. Мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагааны хэлбэр нь хурал байна. Зөвлөлийн гишүүдийн ирц 80-аас дээш хувь бүрдсэн тохиолдолд хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцно.
5.3. Зөвлөлийн гаргасан дүгнэлтэд гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
5.4. Мэргэжлийн зөвлөлийн гишүүний төсөл нь зөвлөлөөр хэлэлцэгдэж байгаа бол тухайн гишүүнийг хуралдаанд оролцуулахгүй.
5.5. Мэргэжлийн зөвлөлийн гаргасан дүгнэлтийг үндэслэн соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай шийдвэр гаргана.
5.6. Бүтээлийг дэмжихэд олгосон хөрөнгийн нэг хувьтай тэнцэх хэсгийг түүнийг сурталчлах, зөвлөлийн гишүүдийг урамшуулахад зарцуулна.
5.7. Хүүхдийн уран бүтээлд зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
--------оОо-------