МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТОООЛ
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар 303
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр"-ийг хавсралтын ёсоор баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр төсөвт тусган санхүүжүүлж ажиллахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Баяртсайхан, хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.Энхтүвшин, аймгийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ө.ЭНХТҮВШИН
Засгийн газрын 2007 оны 303 дугаар тогтоолын хавсралт
ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ХӨТӨЛБӨР
Нэг. Хөтөлбөрийн эрх зүйн үндэслэл
Монгол Улсын Үндсэн хуульд "Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна" гэж заасан бөгөөд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Төрөөс баримтлах соёлын бодлого, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зэрэг баримт бичигт соёлын өвийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, судлах, сурталчлах, ашиглах талаар тодорхой заасан байна.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, өвлөн уламжлах, сурталчлах ажлыг өргөжүүлнэ" гэж заасан.
Хоёр. Хөтөлбөрийн үндэслэл
Түүх, соёлын дурсгалын өнөөгийн байдал, хэтийн төлөвийг тодорхойлох, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах ажлыг тодорхой бодлогын үндсэн дээр гүйцэтгэх, түүнд зарцуулах төсвийн хөрөнгө, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжийг урьдчилан төлөвлөсөн байдлаар үр бүтээлтэй ашиглах зорилгоор "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр"-ийг боловсруулан Засгийн газрын 1998 оны 51 дүгээр тогтоолоор баталж 1999-2005 онуудад хэрэгжүүлсэн болно.
2006 онд Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам хяналт-шинжилгээ хийж дүнг Засгийн газраар хэлэлцүүлсэн бөгөөд уг хөтөлбөрийн зорилтууд үндсэндээ биелэгдсэн гэж үзэн уг хөтөлбөрийг аялал жуулчлал, дэд бүтэцтэй холбон шинэчлэн боловсруулахаар шийдвэрлэсэн болно.
Өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж буй түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд нь он цагийн уртад нар, салхи, бороо, ус, агаарын температурын өөрчлөлт, аянга цахилгаан гэх мэт байгалийн нөлөөгөөр элэгдэн гэмтэж, хагарч бутран, анхны хэлбэр төрхөө алдсаар бид бүхний нүдэн дээр устаж үгүй болсоор байна. Нөгөөтэйгүүр хүний зохисгүй үйл ажиллагаанаас шалтгаалан түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд сүйдэж байна. Тухайлбал, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу археологийн урьдчилсан хайгуул судалгаа хийлгэхгүйгээр ашигт малтмал олборлох, усан цахилгаан станц барих, авто зам тавих зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулж түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг ихээхэн сүйтгэж байна. Сүүлийн жилүүдэд хууль бусаар булш хиргисүүр ухаж сүйтгэх, тонож дээрэмдэх, эвдэж гэмтээх, өөр зүйлд ашиглах, анхны байрнаас нь зөөх явдал түгээмэл гарах боллоо.
Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах, сэргээн засварлах арга хэмжээг боловсруулж улсын болон орон нутгийн төсөв, сан, хандивын хөрөнгийн үндсэн дээр хэрэгжүүлэх ажлыг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцаж байна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах зорилгоор 2004 онд Соёлын өвийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан сумдын байгаль орчны байцаагч нар үл хөдлөх соёлын өвийн хадгалалт хамгаалалтад хяналт тавих болж, сум, дүүргийн Засаг дарга түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах үүргийг гэрээний үндсэн дээр иргэн, хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх эрх зүйн үндэс бий болсон юм. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг түшиглэж аялал жуулчлал эрхэлж байгаа аж ахуйн нэгжтэй Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам гэрээ байгуулж хадгалалт хамгаалалтыг нь хариуцуулж байна.
Ийнхүү түүх, соёлын дурсгалын бүрэн бүтэн байдлыг хамгаалах арга хэмжээ авахаас гадна түүний оршин тогтнох хугацааг уртасган, хойч үедээ үлдээх зорилгоор тэдгээрийг хамгаалж бэхжүүлэх, сэргээн засварлах ажил чухал бөгөөд энэхүү ажлыг дээрх хөтөлбөрийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн болно.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагаа нь тодорхой хугацааны давтамжтайгаар хийгддэг онцлогтойг харгалзан "Түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах Үндэсний хөтөлбөр"-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Манай улсын зам тээвэр, харилцаа холбоо сайжирч, сүүлийн жилүүдэд Монгол Улсад ирэх жуулчдын тоо эрс өсч байгаатай холбогдуулан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагааг дэд бүтэц, аялал жуулчлалтай уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага гарч байна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах үйл ажиллагааг гүйцэтгэх мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх шаардлагатайгаас гадна олон улсын жишгийн дагуу соёлын өвийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах ажилд хувийн хэвшил, ялангуяа аялал жуулчлалын болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн идэвх санаачилгыг өрнүүлэх хэрэгтэй байна.
Соёлын өвийг хамгаалах арга хэмжээг цогц байдлаар нь авч үзэн түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах ажлыг дэд бүтэц, аялал жуулчлалын чиглэлтэй уялдуулсан тохиолдолд илүү үр дүн, өгөөжтэй болж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдэж, дурсгалын хадгалалт хамгаалалт сайжирч, соёлын өвөө олон нийтэд сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх таатай боломж бий болох юм.
Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт
3.1. Хөтөлбөрийн зорилго
Соёлын өвийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох, түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, дэд бүтэц, аялал жуулчлалтай уялдуулан сурталчилж улс орны эдийн засагт зохих хувь нэмэр оруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
3.2. Хөтөлбөрийн зорилтууд
3.2.1. Түүх, соёлын дурсгалт барилгуудыг сэргээн засварлах;
3.2.2. Эртний барилга болон хотын туурь, хөшөө дурсгалыг бэхжүүлж хамгаалах;
3.2.3. Хөшөө дурсгал, бичээсний хэв, дардсыг авч Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хадгалах;
3.2.4. Хөшөө дурсгалын хуулбар хийж улсын сан хөмрөгт хадгалах;
3.2.5. Устаж үгүй болох магадлалтай зарим үл хөдлөх түүх, соёлын дурсгалыг байршиж байгаа газраас нь зөөж улс, аймгийн музейд хадгалах;
3.2.6. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг аялал жуулчлалын чиглэлд хамруулах;
3.2.7. Аялал жуулчлалын чиглэлд оруулсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг танилцуулга-самбартай болгох;
3.2.8. Соёлын өвийг хамгаалах талаар бүх насны хүмүүст зориулсан мэдээлэл, танин мэдэхүй, сургалт-сурталчилгааны нэвтрүүлэг, гарын авлага, баримтат кино хийх;
3.2.9. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг иргэд, аж ахуйн нэгжид гэрээний үндсэн дээр эзэмшүүлэн хамгаалах;
3.2.10. Соёлын өвийг хамгаалах, сурталчлах, сэргээн засварлахад зохих хувь нэмэр оруулсан, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн иргэд, төрийн бус байгууллагыг урамшуулах, төрөөс дэмжлэг туслалцаа үзүүлэх;
3.2.11. Олон улсын жишгээр үндэсний соёлын өвийг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох.
Дөрөв. Хэрэгжүүлэх арга зам
4.1. Соёлын өвийг хамгаалах талаар
4.1.1. Соёлын өвийг хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;
4.1.2. Соёлын өвийн төвийн үйл ажиллагааг боловсронгуй болгож, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах зориулалтын тоног төхөөрөмж, барилга бүхий мэргэжлийн байгууллагыг Сангийн яамтай хамтран байгуулах;
4.1.3. Түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах;
4.1.4. Улсын хамгаалалтад байгаа зарим түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хамгаалалтын бүсийг тогтоож, баталгаажуулах;
4.1.5. Соёлын өвийг хамгаалах талаар хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран сургалт, сурталчилгаа хийх;
4.1.6. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тухай мэдээллийг цахим сүлжээнд нээлттэй тавьж сурталчлах;
4.1.7. Түүх, соёлын дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах чиглэлээр тодорхой төсөл, хөтөлбөр боловсруулж олон улсын байгууллага, хандивлагч орнуудад санал болгон дэмжлэг туслалцааг авах;
4.1.8. Түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах ажилд хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, идэвх санаачилгыг өрнүүлэх, ялангуяа аялал жуулчлалын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх;
4.1.9. Аялал жуулчлалын байгууллагын ойролцоо орших түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлж, хамгаалах, сэргээн засварлах ажлыг 3-5 жилийн давтамжтайгаар эзэмшигчийн хувийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгүүлж байх;
4.1.10. Аялал жуулчлалын чиглэлд хамрагдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалд очих замыг сайжруулах, шинээр тавих.
4.2. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг бэхжүүлэх, сэргээн засварлах
4.2.1. Хөтөлбөрт тусгагдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг сэргээн засварлах, бэхжүүлж хамгаалах үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улс, орон нутгийн төсөвт тусгах;
4.2.2. Түүх, соёлын дурсгалт барилга байгууламжийг чанарын өндөр түвшинд, технологийн дагуу сэргээн засварлах;
4.2.3. Хөшөө дурсгал, буган болон хүн чулуу, бичигт хөшөөг технологийн дагуу бэхжүүлж хамгаалах;
4.2.4. Бичигт хөшөө, хадны бичээсний хэв, дардсыг авах, зарим хөшөө дурсгалын хуулбар хийх;
4.2.5. Аялал жуулчлалын чиглэлд хамрагдсан түүх, соёлын үл хөдлөх дурсгалуудад нэг загварын чулуун танилцуулга-самбар хийж, байрлуулах.
Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
5.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд удирдлага, төлөвлөлтөөр хангах, зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих үүргийг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.
5.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх мэргэжил, арга зүй, удирдамжаар хангах, хөшөө дурсгалыг бэхжүүлж хамгаалах, хэв дардас авах, хуулбар хийх ажлыг Соёлын өвийн төв гүйцэтгэнэ.
5.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг аймгийн Засаг дарга хариуцна.
5.4. Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасны дагуу соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
Зургаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийг 2008-2015 онд хэрэгжүүлнэ.
Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны
төлөвлөлт, санхүүжилт, төсөв
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталсан тухайн жилийн төлөвлөгөөг үндэслэн зохион байгуулна.
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хадгалж хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөрийг дараахь хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ:
1. Улсын төсөв;
- 2. Орон нутгийн төсөв;
- 3. Гадаад орон, олон улсын байгууллагын хөрөнгө, хандив;
- 4. Хувийн хөрөнгө оруулалт. Үүнээс:
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлахад шаардагдах нийт хөрөнгө 13198.0 сая төгрөг | Улсын төсөв | 9838.0 сая төгрөг |
Орон нутгийн төсөв | 1430.0 сая төгрөг |
Гадаад орон, олон улсын байгууллагын хөрөнгө, хандив | 1700.0 сая төгрөг |
Хувийн хөрөнгө оруулалт | 230.0 сая төгрөг |
Найм. Хөтөлбөрийн үр дүн
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:
-Улс, аймгийн хамгаалалтад байдаг түүх, соёлын үл хөдлөх есөн дурсгалыг бэхжүүлж, зургаан дурсгалыг сэргээн засварласан байна;
-Түүх, соёлын үл хөдлөх дөрвөн дурсгалын хэв, дардсыг авч Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санд хадгалсан байна;
-Аялал жуулчлалын чиглэл, бүс нутагт байгаа түүх, соёлын хорин үл хөдлөх дурсгал нэг маягийн танилцуулга-самбартай болсон байна;
-Түүх, соёлын үл хөдлөх дурсгалууд аялал жуулчлалын чиглэлд орж аялал жуулчлалын бүтээгдэхүүн нэмэгдсэн байна;
-Соёлын өвийг хамгаалах, сурталчлах талаар бүх насны хүмүүст зориулсан баримтат кино бүтээж, танилцуулга, гарын авлага бэлтгэсэн байна;
-Улаанбаатар хотод "Үлэг гүрвэлийн музей" байгуулсан байна;
-Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг гэрээний үндсэн дээр эзэмшүүлж хамгаалсан байна;
-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах чиглэлээр мэргэжлийн сэргээн засварлагч бэлтгэн, мэргэшлийг нь дээшлүүлж, хүний нөөцтэй болсон байна;
-Соёлын өвийн төв нь мэргэжилтэй боловсон хүчнээр хангагдсан, дурсгалыг сэргээн засварлах зориулалтын тоног төхөөрөмж бүхий лабораторитой байраар хангагдсан байна.
Ес. Хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт
Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр дүгнэнэ:
9.1. Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварласан ажлын гүйцэтгэлийн чанар, шаардлага хангасан байдал, тоо;
9.2. Хөшөө дурсгалыг бэхжүүлж хамгаалах ажил технологийн дагуу хийгдсэн байдал, тоо;
9.3. Хөшөө дурсгал, бичээсний хэв, дардсыг зориулалтын материалаар чанартай авсан байдал, тоо;
9.4. Танилцуулга-самбартай болсон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тоо;
9.5. Гэрээний үндсэн дээр эзэмшиж хамгаалж байгаа түүх, соёлын үл хөдлөх дурсгалын тоо, хадгалалт хамгаалалтын байдал;
9.6. Соёлын өвийг хамгаалах талаар баримтат кино бүтээж, гарын авлага, танилцуулга хийсэн байдал;
9.7. Түүх, соёлын дурсгалыг судлах, хамгаалах, сэргээн засварлагч мэргэжилтэн бүхий хүний нөөцийг бэлтгэсэн байдал;
9.8. Соёлын өвийн төвийг өргөжүүлж, мэргэжлийн боловсон хүчин, зориулалтын тоног төхөөрөмж, байраар хангасан байдал.
-----оОо----