МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ,
СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШААЛ
2008 оны 05 дугаар сарын Дугаар 236 Улаанбаатар хот
09-ний єдєр
Нийтлэг шаардлага батлах тухай
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 5.1.3, Тєрийн албаны тухай хуулийн 10.1, 10.5 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга, /захирал, эрхлэгч/-ыг сонгон шалгаруулах журам"-ыг баримтлан ТУШААХ нь:
1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төрийн өмчийн байгууллагын ерөнхий менежерийг сонгон шалгаруулахад тавих нийтлэг шаардлагыг хавсралтын ёсоор баталсугай.
2 Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төрийн өмчийн байгууллагын ерөнхий менежерийн ажлын байрны тодорхойлолтыг судлан үзэж шинэчлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулж, 2008 оны 5 дүгээр сарын 10-ны дотор баталгаажуулах арга хэмжээ авахыг Бага, дунд боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Энхбат, Мэргэжлийн боловсролын газрын дарга Р.Бат-Эрдэнэ, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Б.Энхтүвшин нарт үүрэг болгосугай.
3."Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга, захирлыг сонгон шалгаруулах журам", энэхүү нийтлэг шаардлагыг баримтлан боловсрол, соёл, шинжлэх ухааны төрийн өмчийн байгууллагын дарга, захирлыг сонгон шалгаруулах ажлыг шуурхай, шударга явуулж, дүгнэлт гаргаж байхыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжавт даалгасугай.
САЙД Н.БОЛОРМАА
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2008 оны 236 дугаар тушаалын
хавсралт
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ МЕНЕЖЕРИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХАД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА
1.Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын төрийн өмчийн байгууллагын ерөнхий менежерийн албан тушаалд иргэнийг сонгон шалгаруулахад энэхүү нийтлэг шаардлагыг баримтална.
2.Ерөнхий менежерийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцогчийг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан "Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга, захирлыг сонгон шалгаруулах журам"-ын дагуу бүртгэнэ.
3. Ерөнхий менежерийн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцогчийг дор дурдсан зарчмыг баримтлан шалгаж 0-100 оноогоор үнэлнэ:
3.1.Байгууллагын үйл ажиллагааг сайжруулж чанаржуулах боломжийн талаарх судалгаа, хийх ажлын санал, үр дүнг илэрхийлсан хөтөлбөр, төсөл - 30 хүртэл оноо
3.2. Менежмент, эрх зүйн мэдлэг - 20 хүртэл оноо
3.3.Мэдээллийн технологи, албан хэрэг хөтлөлт, англи, орос хэлний мэдлэг - 25 хүртэл оноо
3.4.Ярилцлага - 25 хүртэл оноо.
4.Нийт үнэлгээнээс 60-аас дээш оноо авсан оролцогчийг шалгаруулалтад тэнцсэнд тооцно.
5. Байгууллагын үйл ажиллагааг сайжруулж чанаржуулах боломжийн талаарх судалгаа, хийх ажлын санал, үр дүнг илэрхийлсан хөтөлбөр, төслийг дор дурдсан чиглэлээр 30 хүртэл оноогоор дүгнэнэ:
5.1.тухайн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, амжилт, дутагдлыг бодит байдлаар судалсан нь илэрхийлэгдсэн, ажил хэрэгч, үр дүнд хүрэхүйц шинэ санаа, санал дэвшүүлсэн бол 20-30 оноо
5.2.тухайн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, амжилт, дутагдлыг бодит байдлаар судлаагүй нь илэрхийлэгдсэн, нийтлэг, ажил хэрэгч бус, үр дүнд хүрэх нь тодорхой бус санаа, санал дэвшүүлсэн бол 10-19 оноо
5.3.тухайн байгууллагын үйл ажиллагааны өнөөгийн байдал, амжилт, дутагдлыг судлаагүй нь илэрхийлэгдсэн, ажил хэрэгч бус, ерөнхий санаа, санал дэвшүүлсэн бол 0-9 оноо өгнө.
6.Менежмент, эрх зүйн мэдлэгийн чадварыг дор дурдсан чиглэлээр тусгайлан боловсруулсан 20 асуулт бүхий тестээр авч дүгнэнэ:
6.1.Менежментийн ур чадварыг тухайн менежерийн үйл ажиллагаагаа төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хяналт тавих болон байгууллагын хүний нөөцийн хөгжлийн удирдлагын ур чадварыг тодорхойлох, байгууллагын үнэт зүйлс, соёлыг бий болгох талаар 10 асуулга бүхий тест
6.2.Ерөнхий менежерийн өдөр тутмын үйл ажиллагаанд байнга хэрэглэгдэх Үндсэн хууль, Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төсвийн хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон тухайн салбарт хэрэглэгдэх хууль тогтоомжийн зайлшгүй мэдвэл зохих зүйлийн талаар 10 асуулга бүхий тест.
6.3.Тестийн нэг асуулгыг нэг хүртэл оноогоор дүгнэнэ.
7.Мэдээллийн технологи, албан хэрэг хөтлөлт, англи, орос, бусад гадаад хэлний чадварыг орчин үеийн мэдээлэл харилцааны энгийн технологи ашиглах, мэдээллээ боловсруулах, хэрэглэх, баримт бичиг боловсруулах, гадаад хэлний хэрэглээний чадамжийг илрүүлэх чиглэлээр дор дурдсанаар 25 хүртэл оноогоор дүгнэнэ.
7.1.Компьютерийн хэрэглээний программ ашиглалтыг албан хэрэг хөтлөлттэй хослуулан тодорхой сэдвээр албан бичиг, тушаал, шийдвэрийн төсөл бичүүлж, хэвлүүлэн 0-10 оноо
7.2.Интернэт ашиглалтыг биечлэн хийлгэж 0-5 оноо
7.3.Англи, орос болон сонгосон бусад гадаад хэлээр нь орчуулга хийлгэх, тодорхой сэдвээр бичүүлэх, яриулах зэргээр хэлний мэдлэгийн түвшинг 0-10 оноо.
8.Тухайн салбарын талаарх мэдлэг, ажлын туршлага, эзэмшсэн мэргэжил, мэдлэгээ бүтээлчээр ашиглах чадвар, удирдах арга зүй, хувийн соёл, ярианы болон өөрийгөө илэрхийлэх чадвар зэргийг тодорхойлох зорилгоор иргэнтэй ярилцлага хийж 0-25 оноогоор дүгнэнэ.
9. Комиссын гишүүн тус бүр энэхүү аргачлалын 5-8 дугаар зүйлд заасныг баримтлан тухайн иргэнд бодитой, үнэн зөв, гадны нөлөөллөөс ангид, ил, тод байдлаар оноо өгнө.
10.Гишүүдийн онооны нийлбэрийн дундажийг нэмэн нийт гишүүдийн тоонд хуваан эцсийн оноог гаргана.
11.Байгууллагын үйл ажиллагааны онцлог, ач холбогдлыг харгалзан комисс энэ шаардлагын 3-т заасан зарчим, оноог хадгалан шалгаруулалтын арга хэлбэрийг тогтоож болно.
---000---